Солонгосын соёлын 20 онцгой өв

2011-11-25 10:13

Ханбок : Уламжлалт хувцас. Эмэгтэй ханбок нь бие ороож өмсдөг чима банзал болон чёгүри хүрэм, эрэгтэй ханбок нь чёгүри хүрэм, пажи өмд юм. Ханбокын гадуур турумаги гэдэг урт хувцас байдаг. Өнөөдөр ханбокыг уламжлалт баярын өдрүүд болон хурим найр, оршуулга зэрэг зан үйлийн үеэр голдуу өмсөж байна.


Кимчи ба пульгоги : Уламжлалт хоол. Солонгосчуудын дуртай хоолны нэг бол кимчи хэмээх дарсан ногоогоор хачирласан пульгоги буюу шарсан мах юм. Кимчийг төрөл бүрийн ногоогоор хийдэг боловч байцаа болон цагаан манжингийн кимчи түгээмэл хэрэглэгддэг. Кимчи нь ислэг чанар, холестринаар бага, ислэг, эрүүл хүнс юм. Өдөрт нэг удаа кимчи идэж байвал эмч, эмнэлэг гэхгүй явж болно гэж солонгосчууд үздэг.


Хангыль : Солонгос цагаан толгой. 15-р зуунд Жусон улсын хаан Сэжунгийн ивээл дор зохиогдсон бөгөөд 14 гийгүүлэгч, 10 эгшигтэй. Цөөн үсэгтэй их энгийн тул Хангыль цагаан толгойг сурахад хялбар байдаг. Хангыль цагаан толгойн ачаар бичиг үсэг үл мэдэх явдал Солонгост устжээ.


Чонгмё Черяаг : Эртний Чонгмёгийн зан үйл. Жусон улсын / 1392-1910 / сурвалжит омгуудын нэг болох Чеонгжү Юйгийн үр удмынхан Сөүл хотын төв хэсэгт байдаг. Чонгмё бунханы газар жил бүрийн 5-р сарын эхний Ням гаригт цугларч өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх зан үйлийг гүйцэтгэдэг. Эртний энэ зан үйлийг өнөө цагт их хялбарчилсан байдлаар гүйцэтгэдэг. Хэдий тийм боловч энэ зан үйлийн үеэр эгшиглүүлдэг хөгжмийн цогц аялгууг тоглоход чулуун болон хүрэл хонх, янз бүрийн бөмбөр зэрэг нийт 19 төрлийн хөгжмийн зэмсэг оролцдог.


Баг болон багтай бүжгэн жүжиг. Солонгосоор таль гэж нэрлэдэг багийг цаас, мод, хулуу болон ангийн үсээр хийдэг. Ихэнх баг солонгосчуудын нүүр царайны хэв шинжийг илэрхийлсэн байдаг. Зарим баг нь бодит ан амьтан, зарим нь шүтээн, сахиусан тэнгэр зэрэг хийсвэр зүйлийг дүрсэлсэн байдаг. Тальчум хэмээх багтай бүжгэн жүжгийг шөнийн цагт түүдэг галын дэргэд бүждэг байсан тул ихэнх баг хэтрүүлэл ихтэй, дүрс хэлбэр нь бодит байдлаас хэт том байжээ.


Хүн орхоодой. Солонгос орон цаг агаарын нөхцөл болон хөрсний үржил шим сайтай тул дэлхий дээр хамгийн сайн чанартай хүн орхоодой энд ургадаг. Хүн орхоодойг бие махбодийг тэнхрүүлэх, сэргээх зорилгоор хэрэглэдэг бөгөөд Дорнын уламжлалт анагаах ухаанд их хэрэглэдэг. Хүн орхоодойн хандтай цай болон дарсанд солонгосчууд их дуртай.


Бүльгүк-са дуган болон Соккүл-ам бунхан. Солонгосын хамгийн том бөгөөд үзэсгэлэнтэй дуганы нэг болох Бүльгүк-са дуган нь эртний Шилла хаант улсын / МЭӨ 57-МЭ 935 / нийслэл байсан Кёнгжуд байдаг. Шилла хаант улсын анхны Буддын шашинтан хаан Бёп-хюнг / 514-540 / хаант улсынхаа хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө мөргөл үйлдэх гэж босгосон гэдэг. Энэ дуган нь 751 онд анх баригдсанаас хойш энэ хэвээрээ өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Өмнө нь энд өнөөгийн байгаа дуганаас 10 дахин том, нийтдээ 80 гаруй барилга байгууламж байсан гэдэг. Бүльгүк-са дуганы ард өндөр уул нуруу байх агаад энд хүний гараар бүтээгдсэн дэлхийд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог Соккүл-ам агуйн бунхан байдаг. Соккүл-ам агуй нь хонгилоор холбогдсон тэгш өнцөгт танхим ба бөмбөгөр адартай дугуй танхимаас бүрддэг. Соккүл-ам агуй болон Бүльгүк-са дуганыг 1995 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулжээ.


Сораксан уул. Солонгост үзэсгэлэнт 2 нуруу байдаг. Энэ нь өмнө хэсэгт байдаг Сораксан ба хойд хэсэгт байдаг Кумгангсан нуруу юм. Сораксан уулын хамгийн өндөр цэг д.т.д 1708 м өндөрт байдаг. Энэ нуруунд 939 төрлийн ургамал, 25 төрлийн ан амьтан, 90 төрлийн шувуу, 11 төрлийн хэвлээр явагч, 9 төрлийн газар уснаа явагч, 360 төрлийн шавж болон цэнгэг усны 40 төрлийн загас байдаг.
Солонгосын авьяастнууд. Хөгжим болон урлагийн ертөнцөд алдар цуугаа дуурсгасан солонгосчууд олон байдаг. Хийлч Чунг Кюнг Хвагийн авьяасыг дэлхий нийтээрээ 25 жилийн турш шагшин биширсээр байна. Видео урлагийн эцэг Пайк Нам Жун анх 1963 оноос эхлэн телевизийг урлагийн бүтээл болгон ашиглажээ.
Хэвлэлийн өв.

Модон бараар хэвлэх арга Солонгост анх 7-р зуунд үүсчээ. Германы Гүтенбергийн нээлтээс даруй 200 жилийн өмнө солонгосчууд хэвлэлийн төмөр бар хэрэглэж байжээ. 13-р зуунд Курёо хаант улсын / 918-1392 / үед бүтээгдсэн "Кореана гурван сав ном"-ыг Буддын шашны сургаалыг буулгасан хамгийн эртний бар гэж тооцогддог. Үүнийг 1995 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулжээ.


Уламжлалт хөгжмийн зэмсэг. Солонгост 60 орчим уламжлалт хөгжмийн зэмсэг байдаг. Солонгосын уламжлалт хөгжмийг чавхдаст, үлээвэр болон цохилуур хөгжмийн зэмсэг гэж ангилж болно.


Данчеонг : Чимэг зураг. Энэ нь барилга болон бусад зүйл дээр чимэг болгон зурдаг зураг юм. Данчеонгд улаан, хөх, шар, хар болон цагаан гэсэн 5 өнгө ордог. Чимэг болохоос гадна ахуйн хэрэглээний зорилго агуулдаг. Байшин барилгыг хамгаалахаас гадна тухайн барилга болон эд зүйлийн зэрэглэл, чанарыг илтгэдэг. Сөүл хот болон мужуудад байгаа эртний бүхий л сүм дугануудад данчеонгийг харж болно.


Хээ угалз. Эрт үеийн хүмүүс хүрээлэн буй орчин болон өөрийн сэтгэгдлийг тусгай тэмдгээр илэрхийлэхийг оролддог байсан нь яваандаа хээ угалз болон чимэглэх урлаг болон хөгжжээ. Хээний дотор луу болон хангарьд шувууны дүрс их тааралддаг. Үүнээс гадна урт удаан наслахыг бэлгэдсэн уул хад, ус, үүл, нарс мод, яст мэлхий, буга согоо, тогоруу шувуу, нар зэрэг дүрс тааралддаг.


Жасү : Хатгамал. Солонгосчуудын эдэлж хэрэглэдэг хувцас болон эд зүйлс дээр хатгамал их байдаг. Дэрний уут, нүдний шилний гэр, тамхины сав, хоолны халбага, савх хийх сав, самны гэр зэрэг гэр ахуйн хэрэглээний олон эд зүйлсийг нарийн гоёмсог хатгамлаар чимдэг байжээ. Сүм дуганы эд үйлс дээр хийсэн хатгамлыг жасү гэдэг.


Цаасан урлал. Солонгосчууд эрт үеэс цаас хийж хэрэглэдэг байсан ба цаасаар авдар сав, сагс, жижиг хайрцаг зэрэг зүйлийг хийдэг байв. Цагаан будааны цавуу, ижгэн чих жимсний шүүс зэргээр тусгай уусмал бэлтгэж цаасан эдлэлд шингээн ус чийгэнд тэсвэртэй болгодог байжээ.


Божаги : Боодлын даавуу. Солонгосчууд эд зүйлээ хадгалах юмуу биедээ авч явахдаа божаги хэмээх төрөл бүрийн хэмжээ, өнгө, хээ бүхий даавуунд боодог байжээ. Божагийг өнөө үед хэрэглэх нь цөөрсөн. Одоо ихэвчлэн зан үйл, ёслолын ажиллагаанд хэрэглэдэг.
Язгуур уран зураг. Язгууртан дээдсүүд байгаль орчин, цэцэг, шувуудын зураг зурж хэрэглэдэг байсан бол энгийн ардууд амьдарч буй орчноо тусгасан энгийн бөгөөд гэнэн санаа агуулсан зураг зурдаг байв. Язгуур уран зургийг энгийн тариачны гэр, сүм дуган болон дээдсийн тансаг орд харшийн алинд ч харж болдог.


Сэши : Улирлын ёслол. Билгийн тооллоор улирал солигдох өдөр тусгай зан үйл гүйцэтгэн сэши ёсыг ёслодог. Билгийн тооллын шинэ жилээр солонгосууд өвөг дээдсийнхээ газар очин хоол, дарс өргөн тусгай зан гүйцэтгэдэг. Чусок ургацын баярын үеэр гэр бүлийн гишүүд цугларан өвөг дээдсийнхээ булшинд очиж хүндэтгэл үзүүлдэг.


Амьдралын хэв ёс. Эрэгтэй хүүхдийг насанд хүрэхэд үсийг нь зулай дээр нь бөөрөнхийлж бөөн адууны хялгасаар хийсэн гат гэдэг малгай өмсгөдөг. Охид үсээ гоёмсог хавчаар, хатгуураар ороож тогтоодог. Гэрлэх ёслолыг сүйт бүсгүйн гэрт гүйцэтгэдэг ба залуу хос нөйн гэр лүү нүүхээсээ өмнө бүсгүйн эцэг эхийн гэрт 2, 3 хоног хамт байдаг. Оршуулах ёс уламжлалт нарийн дэг жаягтай байдаг. 2 жил гашуудах ба энэ үеэр маань, мөргөл байнга уншдаг.


Цэцэрлэг. Гёнгсангбүк-дугийн Кёнгжу дахь Анапжи цөөрмийн орчинд байдаг цэцэрлэг өнөө хүртэл хадгалагдан ирсэн эртний цэцэрлэг юм. Сөүл хотод байдаг Чангдокгунг ордны цэцэрлэг нь уг ордны 405636 м2 талбайн 300000 м2-ыг нь эзэлдэг их үзэсгэлэнтэй цэцэрлэг юм. Солонгосын уламжлалт цэцэрлэгт байдаг лянхуа цэцэгт цөөрөм, хад чулуу, олон шат гишгүүр, гоёмсог чулуун гүүр, усан оргилуур, жижиг хүрхрээ, булаг шанд энд бүгд бий. 

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (742) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл